Энэ сэдвээр ходоод гэдэсний замын анхдагч мэдрэгшил болон хоол боловсруулах эрхтний дархлаа тогтолцоо бүрэлдэн бий болох байдал, хүнсний тэвчил үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар дурдсан болно.
ТАРХАЛТ – Хүнсний харшлын тархалт, ялангуяа самрын харшил 1990 оны сүүлээс 2010 оны эхэн хүртэл ихсэж байна (Зураг 1). Хүнсний харшил мэдэгдэхүйцээр ихсэж, түүн дундаа самрын харшил яагаад ихсэж байгаа талаар хариулт багатай байна. Дэвшүүлж буй таамаглалуудад ариун цэврийн байдал, өөхтэй хоол болон ерөнхий хооллолтын хэв маяг, антиоксидант, витамин Д, харшил өөр замаар нэвтрэх (хүнсний харшил төрөгч ХБЗ-с өөх замаар нэвтрэх, тухайлбал арьсаар) зэрэг багтаж байна. Эдгээр таамаглалуудын талаар хийгдсэн судалгаа бага байдаг ч дараах байдлаар тайлбарлаж байна.
- Ариун цэврийн байдал – Амьдралын эхэн үед халдвар үүсгэгч, түүнчлэн гэдэсний хэвийн микрофлортой харилцан үйлчлэлцсэнээр туслах T2 (Th2) эс болон Т зохицуулагч эсүүд ялгаран хөгжиж, дархлааны систем бүрэлдэн бий болж байдаг. Хэт их ариун цэвэр баримтлах нь микробтой харьцах байдлыг бууруулж, атопийн өвчнийг нэмэгдүүлж байдаг.
- Микробиомын хомсдол – Энэ нь ариун цэврийн байдлын тухай таамаглал дээр үндэслэгдсэн ба хүний бие мах бодын экосистем (хүний биом) нь дархлааны үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Хүний микробиомын төрөл хэдий чинээ цөөн байна, энэ нь харшил, аутоиммуны өвчин болон бусад үрэвслийн шалтгаант өвчнийг нэмэгдүүлж байдаг.
- Богино гинжит өөх тос- Өндөр концентрацитай богино гинжит өөхний хүчлүүд болох бутират, пропионат, ацетат зэрэг нь өвөрмөц микробиомыг дэмжиж байдаг ба эдгээр нь хавсарснаараа хүнсний мэдрэгшлийг бууруулж байдаг.
- Хооллолтын байдал – Уг онолоор n-3 fatty acids (тухайлбал омега-3)-ийн хэрэглээ буурснаар n-6 fatty acids (ургамлаас гаралтай триглицеридтэй тос)-ийн хэрэглээ ихэсдэг улмаар простагландин Е-2 нөлөөгөөр IgE-н нийлэгжилт ихэсдэг гэж тайлбарладаг.
- Антиоксидант – Шинэ жимс болон ногоон дахь антиоксидантууд тухайлбал витамин С, бета-каротен зэрэг нь үрэвслийн эсрэг нөлөөтэй байдаг. Хоолондоо боловсруулсан хүнс агуулсан болон шинэ загас бага идэх зэрэг нь антиоксидантын хэмжээг бууруулж, харшлыг улам нэмэгдүүлдэг гэж үздэг.
- Витамин Д – Витамин Д нь дархлаа зохицуулах нөлөөтэй байдаг ба витамин Д ихсэл болон бууралт аль аль нь харшлын өвчнийг сэдрээх нөлөөтэй байдаг.
- Харшил төрүүлэгч өөр замаар нэвтрэх – Энэ онолоор хүүхэд байх үед багахан хэмжээгээр анх удаа харшил төрүүлэгч хүнс нь арьсаар нэвтэрэхэд өндөр тунгаар болон ХБЗ-аар нэвтэрснээс илүүтэйгээр хүнсний мэдрэгшил үүсгэдэг гэж үздэг.
- Хоолны боловсруулалт хийсэн байдал- Хүнсийг хэрхэн боловсруулснаас харшил төрүүлэхүйц эсэх нь хамаардаг. Энэ нь олон орны соёлоос хамаарч байдаг. Тухайлбал самрыг шарсан болон эмульсжүүлсэн байдлаар хэрэглэх нь уургийн шинж чанарыг нь өөрчилж, дархлааны системд илчлэгдэн харшлын урвалыг сэдээх нөхцөл болдог байна. Самрын харшил багатай оронд самрыг шарахаас илүү буцалгаж хэрэглэдэг байна.
- Бусад таамаглалууд – хүнсний бохирдол ихтэй үед стафилококк ауриусаас гаралтай энтеротоксинууд нь их байдаг. Стафилококк нь атопийн дерматитын үед суперантиген болдог. Өндөг эсвэл самарны антигенийг хулганд суулган стафилококкын энтеротоксин В (staphylococcal enterotoxin B -SEB) уулгахад Th2 хамааралт дархлааны урвал явагдаж байгаа нь илэрсэн. Түүнчлэн SEB амаар орсон тохиолдолд анафлакси болох эрсдэл өндөр байдаг, transforming growth factor (TGF)-beta болон Т зохицуулагч эсийн нийлэгжилтийг багасгадаг.
Зураг 1. АНУ 1997- 2007 он: 18 доош насны хүүхдүүдийн хүнсний болон ХБЗ-н харшлын сүүлийн 12 сарын тархалт, насны бүлгээр харуулав.
ХАРИУ УРВАЛЫН ТӨРЛҮҮД – Хүнсний харшил нь IgE хамааралтай болон IgE үл хамааралтай, эсвэл аль алинаар нь явагдаж болдог. Өмнө нь Th2 хамааралтайгаар хүнсний харшил явагддаг гэж үздэг байсан бол, одоо зохицуулгын механизмын дутагдал нь чухал үүрэг гүйцэтгэж байгааг илтгэж байна.
- Иммуноглобулин Е хамааралт (IgE) – Ихэнх богино хугацаанд илэрч буй харшил хүнсний өвөрмөц IgE хамааралтай байдаг. IgE хамааралт хариу урвал нь ихэвчлэн бага болон дунд насны хүүхдүүдэд явагддаг.
- IgE–үл хамааралт – Уг хүнсний харшил нь (Th2 эс хамааралт аажим хэт мэдрэгшлийн урвалаар) ихэвчлэн ходоод гэдэсний болон арьсны архаг дахилтат шинж тэмдгүүдээр илэрдэг. IgE–үл хамааралт хүнсний харшлыг тодорхойлох шинжилгээ хомс байдаг.
- Холимог – хүнсний харшил нь хэд, хэдэн өөр өвчинтэй хавсарсан байгаа тохиолдолд тухайлбал эозинофилийн эзофагит, уураг-хамааралт энтероколит хам шинж, атопийн дерматит зэрэг өвчний үед IgE болон IgE-үл хамааралт механизмаар бус холимог хэлбэрээр явагддаг гэж тайлбайрлаж байна.
ХОДООД ГЭДЭСНИЙ ДАРХЛАА СИСТЕМ
Ходоод гэдэс нь хүний биеийн хамгийн том салсттай эрхтэн бөгөөд хүний дархлааны гомеостазын тэргүүн эгнээнд байрладаг. Ходоод гэдэсний дархлааны системд шингэний хориг, ходоод гэдэс холбоот лимфоид эд (gut-associated lymphoid tissue GALT) болон лимфоид эрхтэнүүд багтдаг. Ходоод гэдэс нь өдөр бүр эмгэг төрөгч болон бусад микро-организмуудтай харьцаж байдаг. Өдрийн хэрэглээний уургийн ихэнх нь хоол боловсруулах замаар орж ирдэг. Ходоод гэдсэн доторх болон түүнийг хүрээлэн буй дархлааны систем нь эмгэг бус уургийн эсрэг тэвчил үүсгэн, аяндаа хөгжиж, бүрэлдэн бий болсоор байдаг.
Тэвчил үүсэх нь хоёр суурь механизмаар явагддаг: задраагүй байгаа аллергенийг залгихаас урьдчилан сэргийлэх, системд нэвтэрсэн задраагүй антигенийг дархлаа хариу урвал өрнөхөөс өмнө хязгаарлах гэсэн замаар явагддаг.
Ходоод гэдэсний дархлаа системийн бүтэц болон үйл ажиллагаа.
Люмины хориг – Ходоод гэдэсний люмины хоригт шингэний болон физикийн хүчин зүйлүүд багтдаг ба эпителийн давхарга, люминийн агууламж нь физик хүчин зүйлдээ багтдаг.
- Харшлын уургийг задлах ходоодны хүчил болон гэдэсний уураг задлагч энзимийн идэвхи
- Иммуноглобулин А (IgA) нь ходоод гэдэсний В эсээс нийлэгждэг ба гэдсэн дэхь харь уураг болон люмэн дэх пептидийг холбож, залгигдахаас сэргийлдэг. Хөхний сүүн дахь IgA нь мөн антиген нэвтрэхээс сэргийлдэг.
- Хоол боловсруулах замын эсийн гадаргууг хучсан салст нь харийн уургийн эсрэг физикийн хориг болж өгдөг.
- Эпитель нь физикийн хоригийн үүрэг гүйцэтгэдэг ба үрэвслийн эсүүдийн оролцоог нэмэгдүүлдэг.
Ходоод гэдэсний лимфоид эд
- Эпителийн доторх лимфоцит нь дархлааны хариу урвалд чухал үүрэгтэй оролцдог.
- Салстын доод давхарга нь их хэмжээний Т лимфоцитоор (lamina propria T lymphocytes LPLs) баялаг бөгөөд дархлааны гомеостазад оролцдог
- Өлөн гэдсэнд Пиерийн товруу ихээр байрласан байдаг ба эдгээр нь их хэмжээний В эсийн бөөгнөрлөөс тогтсон байдаг. Мөн бусад дархлааны эсүүд агуулагддаг, тухайлбал Т эс, сийвэнт эс, макрофаг, шигүү мөхлөгт эс, эозинофил болон базофил зэргээс тогтдог.
- Пиерийн товрууны орой хэсгээр М эсүүд шугамлаж байрладаг ба М эсүүд нь антигенийг эндоцитозын замаар MHC II илчилж, антиген илчлэгч эсэд зөөвөрлөдөг.
Бусад бүрэлдэхүүнүүд
- Чацархайн тунгалгийн зангиалаанууд нь ХБЗ-аар орж ирсэн ангтигенийг шүүдэг
- Элэг болон дэлүү нь лимфоид эдүүд бөгөөд ХБЗ-аар орж ирсэн хорт уургийн эсрэг дархлааын хариу урвал үзүүлэх чухал бүрэлдэхүүн болдог.
ХАРШЛЫН МЭДРЭГШИЛ ҮҮСЭХ ҮЕ ШАТ – ХБЗ болон арьсаар хүнсний мэдрэгшил шууд үүсдэг. Амьсгалын замаар гомолог аллерген нэвстэрснээр мэдрэгшил мөн үүсэж болдог.
Анхдагч мэдрэгшил – Хүүхдэд IgE болон IgE үл хамааралт хүнсний харшил аль алиных нь анхдагч мэдрэгшил үүсэх хамгийн гол талбар нь ХБЗ-н дархлааны систем юм. Арьсаар мөн харшил төрүүлэгчээс мэдрэгшиж болдог ба арьсаар антиген нэвтрэхэд атопийн дерматит болон эозинофилийн эзофагит зэрэг өвчнүүд нь суурь болж нөлөөлдөг байна.
Харшлын солбилцох урвал – Өсвөр насны хүүхэд болон насанд хүрэгчдэд хүнсний харшил нь солбилцох урвалын шинжээр илэрдэг. Өвчтөнүүд амьсгалын замын харшил төрүүлэгчид болох хус, зүлэг, шарилжинд анхдагч мэдрэгшил үүссэн тохиолдолд хоёрдогчоор ургамлын гаралтай гомолог эпитоптой хүнсний уураг хэрэглэхэд эмнэлзүйд харшлын урвал илэрдэг. Үүнийг oral allergy syndrome эсвэл pollen-food allergy syndrome гэж нэрлэдэг.
Антиген залгилт болон илчлэлт – хүнсний уургууд ньходооднч хүчил болон нарийн гэдэс болон нойр булчирхайн энзимүүдийн тусламжтайгаар жижиг пептид болон амин хүчлүүд болон задардаг. Нэмэлтээр шүүрлийн IgA нь уургийг холбон абсорбци болоход нь хориг үүсгэдэг. Гэсэн хэдий ч, зарим задраагүй уургууд болон харшил төрүүлэгч эпитопууд нь эдгээр хоригийн хажуугаар урсан өнгөрдаг ба ХБЗ-н өвөрмөц эсүүдэд залгигдан антиген илчлэгч эсрүү (antigen-presenting cells APCs) зөөгддөг
Антигены залгилт – Антиген нь гэдэсний люмэнд гурван төрлийн эсээр залгигддаг гэж үздэг (Зураг 2).
- Гэдэсний эпитель эс – усанд уусдаг уургууд нь гэдэсний эпитель эсийн микровилигээр эндоцитозын замаар залгигддаг. Мөн эпитель эсийн хажуугаар дамжиж болдог, энэ тохиолдолд задралд ороогүй уураг ламина проприад хүрч, захын цусны эргэлтэнд нэвтэрдэг.
- Сэртэнт эс – Сэртэнт эс нь ламина проприагаас сунан эпитель эсийн хоорондуур гэдэсний люмэнд хүрч, антигенийг залгидаг.
- М эс – Харийн уургууд нь Пиерийн товруунд нэвтэрдэг ба М эсүүд антигенийг нь залгиж, APCs –д хүргэж өгдөг.
Зураг 2. Ходоод гэдэсний антигений залгилт.
Антиген илчлэлт – Антиген илчлэлт APCs түүн дундаа мэргэжлийн APCs болон сэртэнт эсийн тусламжтайгаар явагддаг. Сэртэнт эс нь захын эдийн ламина проприад байрладаг ба тэндээ антигенийг залгидаг. Тэндээсээ гол гүйцэтгэгч хэсэг рүүгээ нүүдэллэдэг, түүн дундаа чацархайн тунгалгийн зангилаа эсвэл Пиерийн товруунд хүрнэ. Сэртэнт эс нь эдийн тохирооны иж бүрдлийн тусламжтайгаар CD4+ T эсэд илчилдэг. Янз бүрийн идэвхжүүлэгч молекулууд болох CD80 болон CD86 зэрэг нь Th2 эсийн ялгаран хөгжлийг идэвхжүүлж, Th2 хамааралт хүнсний хэт мэдрэгшлийг бий болгодог байна. Гэдэсний эпитель эсүүд нь маргэжлийн бус APCs-н үүргийг гүйцэтгэдэг ба MHC II молекулыг илчилж, CD8+ супрессор T эсийг идэвхжүүлдэг.
Т эсүүд – олон янзын Т эсүүд хүнсний харшил болон тэвчил үүсэх эмгэг жамд оролцдог. Т эсүүд нь олон янзын байрлалд байдаг тухайлбал эпитель, ламина проприа, Пиерийн товруу болон захын цус зэрэгт байрлах ба цитокинуудынхаа төрлөөс хамаарч янз бүрийн үйлдэл үзүүлдэг.
Цитокины медиаторууд – антиген өвөрмөц Т эс болон бусад дархлааны эсүүдээс цитокинууд ялгардаг бөгөөд эдгээрээс хамаарч харшил явагдах, тэвчил үүсэхийн аль нь шийдэгддэг.
- Т лимфоцитоос ялгарч буй IL-10 болон TGF-beta нь хүнсний тэвчлийг үүсгэдэг. IL-10 нь зохицуулагч цитокин бөгөөд Т эсийг үйлдлийг сулруулж, антиген өвөрмөц IgA нийлэгжилтийг идэвхжүүлдэг. TGF-beta нь В болон Т эсэд дархлаа дарангуйлах үйлдэл үзүүлдэг , мөн хүнсний харшил төрүүлэгч болон бактерийн эсрэг дархлаа хариу урвалийг дарангуйлдаг. Энэ нь мөн IgA нийлэгжилтийг идэвхжүүлэгч болдог.
- Th2 цитокинууд болох IL-4 болон IL-13 нь антиген өвөрмөц IgE нийлэгжилтийг идэвхжүүлдэг.
- IL-5 нь эозинофилийн ялгаран хөгжил болон нүүн шилжилтийг идэвхжүүлдэг.
- IL-12 нь Th1 хамааралт хариу урвалд тус болдог, энэ нь IFN-gamma ялагаралтаар зохицуулагддаг. IFN-гамма нь харшлын эсрэг хамгаалалтын цитокин гэж үздэг боловч хэд хэдэн судалгаагаар хүнсний антигенээр идэвхжүүлсэн эсүүд IFN-гамма үүсгэдэг нь харагдсан.
- IL-25 нь хүнсний мэдрэгшлийн нэмэгдүүлдэг. Хүнсний хамрщщршилтай амьтны загварт IL-25 ихэссэн нь ажиглагдсан ба IL-25 рецепторыг дарангуйлахад хүнсний мэдрэгшил хязгаарлагдаж байсан.
- IL-33 нь Th2 хамааралт цитокины нэг. Самрын антигентай харьцсаны дараагаар арьсны кератиноцит эсээс ихээр нийлэгжин, Th2 төрлийн хариу урвалыг идэвхжүүлдэг. Загварын хулгана дээр IL-33 идэвхжсэнээр харшил өвөрмөц зохицуулагч Т эсийг дарангуйлж, хүнсний харшлыг үүсгэсэн.
- Thymic stromal lymphopoietin (TSLP) нь хүнсний антигений мэдрэгшлийг нэмэгдүүлдэг ба TSLP рецептор сөрөг хулганад хүнсний харшил үүсэх нь бага байсан.
Хүлээн авагч рецепторууд – Т эсүүд нь өвөрмөц гадаргуугийн рецепторуудыг нийлэгжүүлэн, түүгээрээ эрхтнүүдтэй холбогддог. Хүнс хамааралт атопийн дерматиттай өвчтөнүүдэд харшил өвөрмөц Т эсийн гадаргуу дээр cutaneous lymphocyte antigen (CLA) ихээр нийлэгждэг.
Бусад эффектор эсүүд – хүнсний харшлын эмгэг жамд бусад эффектор эсүүд болох эозинофил болон шилүү мөхлөгт эсүүд багтдаг. Natural killer (NK) T эс нь хүнсний тэвчил үүсэхэд мөн хамааралтай байдаг.
Эозинофилүүд – эозинофил нь захын эрхтэнд байрладаг. Түүний боловсролт нь IL5-аас хүчтэй хамааралтай байдаг. Эозинофилүүд нь IgE хамааралт харшлын илрэлд шууд түүн дундаа харшлын ринит болон астмад хамааралтай байдаг.
Шигүү мөхлөгт эс – шигүү мөхлөгт эс нь ихэнх эдэд байрладаг. IgE хамааралт хүнсний харшлын гол эффектор эс болдог. Хүнс-өвөрмөц IgE эсрэг бие нь Fc төгсгөлөөрөө шигүү мөхлөгт эсийн гадаргуу дээр суун, мөхлөггүйжүүлдэг. Хүнсний харшлын эмнэлзүйн гол илрэл нь судас идэвхит аминуудын ялагаралтын үр дүнд үүсдэг. Шигүү мөхлөгт эсийн медиаторуудын хэмжээс тухайлбал триптаза нь хүнс хамааралт анафилаксийн оношлогоонд чухал үүрэгтэй байдаг. Хүнсний харшилтай хулаганад зохицуулагч Т эсийг шилжүүлэн суулгахад шигүү мөхлөт эс хамааралт анафилаксийн урвал дарангуйлагдсан.
МЭДРЭГШИЛ БОЛОН ТЭВЧИЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД – Хүнсний антигенд мэдрэгших эсвэл тэвчил үүсэх нь эзэн биеийн болон антигений хэд хэдэн онцлог хүчин зүйлээс хамааралтай байдаг.
Антигений хэмжээ – хулгана дээр мэдрэгшил үүсэх нь өөр өөр механизмаар явагдаж байсан ба энэ нь антигений тунгаас хамааралтай байсан. Антиген бага тунгаар ороход зохицуулагч Т эс (Tregs), түүн дундаа супрессор CD8+ эс, Th3, Т зохицуулагч эсийн 1р төрөл Tr1, CD4+CD25+ эсүүд ихэссэн байдаг. Сүүлийн эс нь супрессор цитокин, IL-10, TGF-beta нөлөөгөөр тэвчил үүсдэг. Их хэмжээгээр антигенй орж ирэхэд лимфоцитын устал болон үйл ажиллагааны сулралын улмаас тэвчил үүсдэг (Зураг 3).
Зураг 3. Антигений тунгаас хамааран тэвчил үүсэх нь.
Антигены төрөл – шингэн антиген нь хамгийн их тэвчил үүсгэдэг бол тоос, хий байдлаар байдлаар агаарт буй антиген нь илүү мэдрэгшил үүсгэдэг. Боловсруулсан хүнснүүд харшил төрүүлэх чанартай байдаг. Тухайлбал:
- Шарсан самар нь чанасан самарнаас илүү харшил төрүүлэх чанартай байдаг. Шарсан самар нь уусамтгай чанар багатай ба IgE-тэй холбогдох чанар өндөртэй байдаг.
- Шарсан өндөг нь чанасан болон дутуу шарсан өндөгнөөс бага харшил төрүүлэх чанар багатай байдаг. Ихэнх өвчтөнүүд шарсан өндгөнд тэвчилтэй байдаг.
Антигенд өртсөн цаг үе – Олон арван жилийн турш харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх удирдамжид хоол хүнсийг эрт хэрэглэж, эхлэх нь нь хүнсний харшилаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг болохыг тэмдэглэжээ. Үүний үр дүнд харшил төрүүлэгч хүнс, тухайлбайл самрын харшил хүүхэд наснаас хойш илэрсээр байна. Гэсэн хэдий ч генетикийн суурьтай атопийн дерматиттай нярай хүүхдэд харшлын мэдрэгшил үүсэх өндөр эрсдэлтэй байсан ба харин самарны харшилд өртөх өндөр эрсэдлтэй нярайд эрт таниулахад хамгаалах нөлөөтэй байна. Үүнээс үндэслэн самрын харшилд өртөх боломжтой нярайд эрт хэрэглэхийг зөвлөж байна. Гэсэн ч өндөг, өөр харшил төрүүлэх хүнсэн дээр хийсэн судалгаагагаар хамгаалах нөлөө илрээгүй байна.
Антигенд өртсөн зам – Анхдагч антигений өртөл ХБЗ-с бусад замаар орсон тохиолдолд мэдрэгшил үүсэх нь илүү байдаг. Ялангуяа атопийн дерматитттай хүүхдүүдийн арьсаар нэвтэрсн үед тохиолож болдог. Энэ тохиолдолд амьсгалын замаар гомолог замаар антиген нэвтрэхэд мэдрэгшдэг. Умай дотор байхад мэдрэгшил үүсдэггүй.
Микробиом – Ходоод гэдэсний микробиомын орчин нь гэдэсний дархлаа системинй гол хүчин зүйл болдог. Тухайлбал гэдэсний микробиот их хэмжээгээр колон үүсгэх эсвэл олон төрөл зүйлийн байх тусмаа тэвчил үүсэх, IgA болон IL-10 нийлэгжилтийг нэмэгдүүлдэг.
Th2 эсийн хам эрчимжүүлэгч – Хам эрчимжүүлэгчид нь антигений уусамтгай байдлыг нэмэгдүүлэн, антиген ялгаралтыг удаашруулж, APCs эсийн үйл ажиллагааг сайжруулан, антигений эсрэг дархлааг нэмэгдүүлдэг. Хам эрчимжүүлэгчид нь мөн гликан, лектин, болон хитины хүнсний харшилд чухал үүрэгтэй оролцдог.
Кесар хагалгаагаар төрөх нь ХБЗ-н микробиотыг өөрчилснөөр хүнсний харшилд IgE хамааралтайгаар мэдрэгших эрсдлийг нэмэгдүүлдэг. Кесар хагалгааны дараах хүнсний харшлын талаар зөрөлдөөнтэй ойлголтууд байгаа ч тоон мэдээллээр ихэни судалгаанд нэмэгдэж байна. Нэгэн судалгаагаар жирэмсний сүүлийн сард болон төрснөөс хойших эхний 6 сарын хугацаанд пробиотик хэрэглэснээр IgE хамааралт харшлын өвчин ялангуяа экзем болон кесар хагалгааны дараагаар атопийн өвчин үүсэх эрсдэлстэй хүүхдүүдэд хүнсний мэдрэгшлийг бууруулсан байна.
Хөхөөр хооллолт – Амьдралын эхний дөрвөөс зургаан сард хөхөөр хооллох нь хүнсий харшлаас урьдчилан сэргийлэхэд онцгой нөлөөтэй байдаг. Хөхөөр хооллолт нь гэдэсний нэвтрүүлэх чанарыг бууруулж, нярайн гэдэсний пробиотикийн колонжилтийг нэмэгдүүлэн, олон тооны эсийн болон шингэний хүчин зүйлээр эсийн өсөлт болон засварыг дэмжиж байдаг.
Хүчлийн блокаторууд – хүчил дарангуйлагч эмүүд нь хүнсний харшил үүсэх байдлыг нэмэгдүүлдэг. Ходоодны хүчиллэг буурснаар уургийн задралыг бууруулдаг. Улмаар хүнсний уургууд улам хэлбэржин, илүү харшил төрүүлэх чанартай болдог.
Циклооксигеназа 2 (Cyclooxygenase 2 COX-2) дарангуйлагчид – Хулганад COX-2 сонгомлоор дарангуйлагчийг хэрэглэхэд хүнсний уургийн тэвчил буурч байсан. Тэвчил бууралт нь IL-4 нийлэгжилтийг идэвхжүүлэх болон Treg эсийг дарангуйлах үйл ажиллагаануудтай хавсарсан байдаг. Хулганд COX-2 дарангуйлагчдыг хэрэглэхэд үүссэн өөрчлөлт нь хүний целиакийн өвчинтэй адил патологийн өөрчлөлтийг бий болгож байна.
Нас – Залуу насанд антигений мэдрэгшил илүү өндөр байдаг. Шинэ төрсөн нярай болон бага сартай хүүхэд нь хоол хүнс болон микроорганизмаас шинэ антигенийг хүлээн авч, байнга харьцаж байдаг. Хүнсний мэдрэгшил нь ходоод гэдэсний хамгаалах механизм тухайлбал салстын давхарга, ходоодны хүчил, протеазагийн ялгарал болон IgA зэргийн дутмагшлын улмаас үүсэж болдог.
Генетик – генетикийн урьдал байдал нь хүнсний харшил бий болоход чухал нөлөөтэй байдаг. Хүнсний тэвчил болон хэт мэдрэгшил нь удашлаас хамааралтай болохыг хулганад хийсэн туршилтаар баталсан.
Атопийн өртөмхий байдал нь хүнсний харшлын эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ төрсөн ах эгч нь хүнсний харшилтай бол хүнсний харшил үүсэх эрсдэл нь хоёр болон түүнээс дээш хэмжээгээр нэмэгддэг гэж үздэг. Самрын харшил нь удамшин дамждаг өвөрмөц харшил ба бусад харшлын удамшлын талаар хийгдсэн судалгаа байхгүй байна.
Эх сурвалж: